LifeStyle

Ш.Батхүү: Бизнестээ хэт улайрч, буруу үйлдэл хийж, хазгай гишгэснийгээ зөвтгөхгүй

“Жаст”-ын Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа тэртээх 2013 оны наймдугаар сараас эхлэн олон жилийн турш явагдаж буй. Энэ хугацаанд нийт 215 хавтастай, тавь гаруй мянган хуудас бүхий баримт мэдээлэл цугларсан аж. Гэтэл энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсаар ирсэн юм.

-Ш.БАТХҮҮГ БАТЛАН ДААЛТААР СУЛЛАНА-

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Мөн Ш.Батхүүгийн Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,  бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жил хорих ял оноосон. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр уг хэргийг хянахдаа ялыг нь бүр хөнгөрүүлсэн байдаг.  Тодруулбал, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд оноосон ялыг 7 жил хорих болгон бууруулсан.

Харин хамгийн сүүлд 2021 оны долдугаар сарын 20-нд Дээд шүүх энэ хэргийг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаачихаад байна. Тэгэхээр энэ хэрэг Дээд шүүхээс анхан шатны шүүхэд албажиж очихтой зэрэгцэн Ш.Батхүүг суллаж, батлан даалтад гаргах юм. Тэрбээр одоо гарсан ч байж мэднэ.

Ш.БАТХҮҮ: ЭХНИЙ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН УЧИР ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙСАН

Ш.Батхүү албан тушаалаа ашиглаж, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан хэргийнхээ тухайд шүүх хурлын үеэр буруугаа хүлээж, мэдүүлэг өгчээ.

Тэрбээр “2009 оны долдугаар сард “Стандарт банк” болон “Жас групп” ХХК-ийн хооронд 36 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан. Мөн “Стандарт банк” болон “Жаст групп” ХХК нь хамтарч Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр борлуулдаг байсан. “Стандарт банк” нь зээл олгохдоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нэмэлт баталгаа гаргуулах нөхцөл тавьсан. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ийм баталгааг хийж өгч байсан. Гэтэл энэ удаад нэмэлт баталгаа гаргуулахаар хандахад саяхан болсон хувь нийлүүлэгчдийн хурлаар үйлдвэрийн дүрэм өөрчлөгдсөн учир ийм баталгаа гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Нэгэнт энэ нэмэлт баталгаанаас бусад бүх асуудал шийдэгдэж зээл авахад бэлэн болсон, энэ зээлтэй холбоотой чухал ажлууд хүлээгдэж байсан, нэгэнт төлөвлөсөн зүйлүүдээ бүтээх гэсэн хүсэл, цаг хугацаа шахагдсан зэргээс би Эрдэнэт үйлдвэрийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн “Стандарт банк”-нд гарган өгсөн буруу үйлдэл хийсэн. Цаашид энэ зээлийн гэрээнд зургаан удаагийн нэмэлт өөрчлөлт хийж, 2009-2012 оны хооронд нийт 160 сая ам долларын зээл авсан. Тодорхой нөхцөл байдлуудын улмаас 2013 оны тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн баталгааны асуудал сөхөгдөхөд би авсан зээлээсээ 120,0 сая ам.долларыг зээлийн гэрээний хуваарь ёсоор ямар ч зөрчилгүй төлсөн байсан.

Нэгэнт эхний зээлийн баримтыг хуурамчаар үйлдэж хазгай гишгэсэн учир цаашид ч гэрээний нэмэлтүүдэд Эрдэнэт үйлдвэрийн баримтуудыг үргэлжлүүлэн хуурамчаар үйлдэж өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Эрдэнэт үйлдвэрийг санхүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэрээний нэг хуудас болон хоёр туслах баримт бичгүүдэд зурагдсанаас бусад гарын үсгүүд нь бүгд хуурамч болох нь Англи, Европын болон Монголын мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Би энэ хэргээ анхнаасаа хүлээсэн.

-ШУДАРГААР ЯЛ ОНООЖ, БИТҮҮМЖИЛСЭН ХӨРӨНГҮҮДИЙГ БАРЬЦААНААС ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ҮҮ-

Миний бие 1992 оноос хойш тасралтгүй хувийн хэвшлийн салбарт ажиллаж, бизнес эрхэлж 2013 он хүртэлх хугацаанд нийт 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэл улсад төлж, Монголын эдийн засагт 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6000 гаруй шинэ ажлын байр бий болгосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

“Жаст групп” ХХК нь одоогийн ханшаар 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авч 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралд сульдсан Монгол Улсын эдийн засагт оруулсан, түүн дотроо компанийн 5000 орчим ажиллагсдад тус дэм болж байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ бизнестээ хэт улайран, буруу үйлдэл хийж, хазгай гишгэснийгээ зөвтгөх боломжгүй бөгөөд гагцхүү зөвхөн хийсэн хэрэгтээ шударгаар эрүүгийн хариуцлагаа хүлээх, ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг үе, газар, сэдэл, зорилго, учруулсан хохирол зэргийг бодитоор үнэлж, шударгаар ял оноохыг хүсэж байна. Түүнчлэн үндэслэн битүүмжилсэн арга хэмжээг хүчингүй болгож, эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгөхийг эрхэмлэн хүсье.

-“ДИАБЕТ ӨВЧНӨӨР 38 ЖИЛ ШАНАЛЖ БУЙГ МИНЬ ХАРГАЛЗАН ҮЗНЭ ҮҮ” ГЭЖЭЭ-

Миний бие 1984 онд сахарын диабет өвчтэй гэж оношлогдон 38 жил өвчилж байна. Сүүлийн 20 гаруй жил инсулин тариагаар амьдарч байна. 2014 оноос уг өвчний хүндрэлүүдээс шалтгаалан 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. Зөвхөн 2020 онд хоёр удаа мэс хагалгаанд орсон. Мөн 2020 оны аравдугаар сарын 22-ний өдөр хорих 409 ангид очсоноос хойш хоёр ч удаа 461-р ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн.

Энэ байдлыг минь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгосонд маш их талархаж байгаа. Гэхдээ уг өвчнөөр 40 орчим жил өвдөж байгаа болон, энэ өвчний хүнд үе шатанд орсон хүний хувьд хамгийн чухал зүйл болох хоолны болон хөдөлгөөний дэглэм хорих байгууллагын нөхцөлөөс шалтгаалан байнга зөрчигдөж уг өвчний хүндрэлүүд болох нүдний хараа огцом муудах, тархи, бөөр, зүрх, болон бусад эрхтэнүүдийн доголдол эрчимтэй нэмэгдэж, ялангуяа хялгасан судаснуудын гэмтэл нөхөгдөх боломжгүй шатандаа орж байгаа зэргийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхийг хичээнгүйлэн хүсье” хэмээсэн байна.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button