Сайхан түүхүүд

“Хуучирсан ханыг өнгөлж, дулаан уур амьсгал мэдрүүлэхийг хүсдэг”

Хүн бүхий л амьдралынхаа турш нэг ч хормыг алгасалгүйгээр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд дунд оршиж байдаг.  Харин тэрхүү мэдрэмжээ зургаар илэрхийлэх хувь заяа хүн бүрт тохиогоод байдаггүй гэлцдэг. Сүүлийн жилүүдэд ханын зургаар дамжуулан нийгэмд өөрсдийн үзэл бодол, тулгамдаж буй асуудлыг илэрхийлэх бүтээлч залуус олширсон. Тэгвэл сүүлийн 10 жилийн турш ханын зургаар дагнан ажиллаж яваа нэгэн бүтээлч бүсгүйг энд онцолъё. Өөрийн хүсэл сонирхлыг ажил мэргэжил болтлоо хөгжүүлж яваа түүнийг Пүрэвдашийн Золжаргал гэдэг.

Бага наснаасаа эхлэн зурагт дуртай байсан түүний хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуульд барилгын архитектур мэргэжлээр суралцаж дүүргэсэн хэдий ч үндсэн мэргэжлээрээ бус хүсэл сонирхлоо дагах сонголтыг хийсэн аж. Тэрбээр “Айдсыг ч зургаар даван туулж болдог юм билээ. Хүүхэд байхдаа харанхуйгаас айдаг байсан ч зураг зурж айдсаа даван туулсан гэж боддог. Хожим нь найз нөхөд, гэр бүлийнхний тэмдэглэлт баяраар нь хөрөг зургийг нь зурж бэлэглэдэг байсан. Анх их сургуулиа төгсчихөөд “Энэ миний хүссэн мэргэжил мөн үү” гэж өөрөөсөө асууж үзсэн. Гэхдээ барилгын архитектур мэргэжлээр суралцах хугацаандаа зургийн талаарх “А” үсгээ тавьж, цаашид хөгжих боломжийг олж авсан гэж боддог. Тиймдээ ч сурч байх хугацаандаа зурах чадвар, арга барилаа хөгжүүлэхийг цаг ямагт эрмэлздэг байсан.

Хүсэл сонирхлоо ажил мэргэжил болтлоо хөгжүүлж яваа маань эрсдэлтэй мөртлөө үнэ цэнэтэй сонголт байсан юм. Хийсэн сонголтын ард намайг юу хүлээж байгаа, ямар үр дүн гарахыг ч мэдэхгүй байсан. Гэхдээ би чадна гэх хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэлд суурилж сонирхлоо дагасан” хэмээн ярьж байлаа.

П.Золжаргал бүсгүй бага байхаасаа сайн үйлсийн аяны хүрээнд оролцсон үйл ажиллагаа, очсон газартаа гэрэл нэмэх зургуудыг зурдаг байсан талаараа ярьсан юм. Ингэхдээ одоо ч нийгэмд чадах зүйлээрээ дэм болохын тулд жилд 1-2 удаа сайн үйлсийн аян хийж, хүүхдэд чиглэсэн байгууллагуудын ханыг уран бүтээлээрээ “өнгөлдөг” аж. Тэрбээр энэ талаар “Хана нь хагарсан, цуурсан, өмнөх зураг нь арилчихсан байхыг хараад ханын зургийг нь шинэчилж, тухайн орчинд халуун дулаан уур амьсгалыг зургаар дамжуулан мэдрүүлэхийг хүсдэг” тухайгаа ярив.

Аливааг бичгээр биш зураг, өнгө дүрсээр өгүүлэх нь заримд үед хэвлэсэн самбараас хэд дахин үнэ цэнэтэй байдаг гэдэг. Түүний хувьд өөрийн ханын бүтээлүүдийг хаврын улиралтай зүйрлэдэг аж. Олон төрлийн өнгө дагнаас ашигладаггүй ч хурц, тод өнгөнүүдийн нийлэмжийг бүтээл бүрдээ онцгой өнгө аясаар харуулж чаддаг нь хавартай зүйрлэсэн гол шалтгаан.

П.Золжаргал бүсгүй ханын зургийг цаг хугацаа, тэвчээр шаардсан ажил гэдгийг тодотгож байв. Ингэхдээ “Нэг ханын зургийг зурахад хөнгөн хандах бус илүү нарийн, нягт нямбай ажиллах чухал байдаг. Үр дүнд нь сэтгэл ханамжтай бүтээл гардаг” хэмээсэн.

Зураач бүсгүйн цаасан дээрх болоод ханан дээрх бүтээлийн сэдэв, илэрхийлэмж адилгүй. Тэрбээр ханын зургийн сэдэв санааг хэрхэн гаргадаг талаараа “Ханын зураг зуруулахаар хандаж буй хүмүүс дунд надад итгэж, өөрийн ертөнцийг буулгаж болно гэж хэлэхэд үнэхээр их талархаж хүлээн авдаг. Тийм ч учраас аль болох гайхалтай ертөнцийг буулгахыг хичээдэг. Зурах сэдэв, санаагаа тохирч, зургаа улам баяжуулах үе ч гарна” гэлээ.

Барилгын архитектур мэргэжил нь түүний бүтээлийн ажилд хувьсаж чаддаг гэнэ. Учир нь тэрбээр тухайн газрын орчин, өнгө төрхтэй нь зохицуулж ханын зургаа зурдаг аж. Илэрхийлэх санаа, шийдэлдээ юу юуг тусгаж өгөх вэ гэдгээ нарийвчилж хардаг ба зурах бүртээ шинэ арга барилуудад суралцаж байдаг гэдгээ ч хэлсэн юм. П.Золжаргал “Ханын зураг бол миний ажил боловч нөгөө талдаа өөрийгөө хөгжүүлэхэд минь улам их тусалдаг. Тиймээс ч би ямар ханын зураг дээр ажилласан чин сэтгэлээ зориулдаг” гэж байв.

“ХҮН ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ БАЙХДАА ТҮҮНДЭЭ УЛАМ ДУРЛАДАГ ЮМ БИЛЭЭ”

Хүн дуртай зүйлээ хийж байхдаа түүндээ улам дурладаг юм билээ гэж ярих нь зургийн ертөнцөд багахан саатах шиг. Түүний хувьд ханын бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлэх хамгийн тухтай орчин нь нам гүм, чимээгүй орон зай гэнэ.

Тэрбээр зургийн чиглэлээр мэргэжлийн сургуульд нь дагнан суралцаагүй ч цаг нь болохоор гүнзгийрүүлэн сурах хүсэл байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Учир нь зураач бүсгүйд мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс шүүмжилсэн үгс ч ирдэг аж. Гэхдээ тэр бүрд шантраад суухын оронд өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдалгүйгээр алхам алхмаар суралцаж байна хэмээн боддог байна.

Зураач П.Золжаргал өөрийн ханын бүтээл бүрээ өөрт төгс гэж санагдах бүтээл хүртлээ хэдэн удаа ч байсан хамаагүй зурдаг болохоо хэлж байлаа. Цаг агаар, зориулалтын техник хэрэгслээс шалтгаалан хүндрэл үүсэх үе гардаг гэнэ. Харин ханын зургийг хүмүүс хэрхэн ойлгож, хүлээн авдаг талаар “Ханын зураг хэмжээний хувьд хэт том учраас хүмүүс нийтэд нь хардаггүй. Зургийг бүхэлд нь харах нь түүний утга санаа, илэрхийлэмжийг ойлгоход ч илүү дөхөм. Хүмүүс ханын зургийг харахдаа ойроос илүү нарийвчилж хардаг. Өнгө шийдэл, ажиллагаа бүрийг харахад урамтай. Гэхдээ хүмүүс байгаа газраасаа арван алхам хойшлоод ханын зургийг бүхэлд нь харахын бол зургийн илэрхийлэх гэж буй санааг илүү ойлгох болно” хэмээн өөрийн бодлыг хуваалцсан.

Хүсэл сонирхлоо даган алхаж буй залуу бүсгүйгээс олон залуус үлгэрлэх биз ээ. Тэрбээр “Ханын зургийг сонирхож байгаа залуус маань энэ чиглэлээр бусад хүмүүс юуг, хэрхэн хийдэг, яаж ажилладаг гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх бүхнийг эрэлхийлдэг байгаасай гэж хүсч байна. Бэлэн байгаа зүйлийг бус, өөрийн гэсэн өнгө аясыг бүтээхийн төлөө хичээгээрэй”  хэмээн ярилцлагын төгсгөлд зөвлөсөн юм.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button